Ц.Мөнхбаяр: Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яв

Ц.Мөнхбаяр: Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яв

Шинэ оны эхний ярилцлагаараа бид эрүүл хөдөлгөөнтэй амьдралын чиг хандлагыг нийгэмд түгээж байгаа хоббигоо спорт болгосон ууланд алхагч, гүйлтийн спортоор хичээллэгч, инженер Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

Уншигчдад маань та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

Би ч одоо их олон гуншинтай хүн дээ. Хамтдаа алхацгаая гээд уулын клубыг байгуулаад 5 дах жилдээ гишүүнээр ажиллаж байна. Клуб маань анх ууланд алхдаг байж байгаад дотор нь уулын гүйлтээр хичээллэдэг хүмүүс нэмэгдсэн учраас дараа нь бид хамтдаа гүйцгээе гэдэг клубыг салбарлан байгуулсан юм. Хоёр клубын маань гишүүд давхцдаг байсан боловч дотроо зорилго чиглэлүүд нь арай өөр өөр болчихдог юм байна. Алхдаггүй мөртлөөсөө гүйдэг хүмүүс хүрээд ирдэг. Ууланд гүйдэггүй мөртлөөсөө алхдаг хүмүүс хүрээд ирдэг боллоо. Тэгээд клубээ албан ёсны нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болгоод явахаар үйл ажиллагаанууд нь яалт ч үгүй тусдаа салсан ч миний хувьд аль алиных нь үйл ажиллагаанд оролцож явдаг. Тэгэхээр Let’s run Mongolia клубын гишүүн. Мөн 2018 оны 10 сарын үеэр фэйсбүүкийн хүчирхэг эрчүүд 10000 суниалт гээд групп байдгийг мэдээд гишүүн нь болж гар дээр суниалтаар идэвхитэй хичээллэх болсон. Ингээд бодохоор энэ чиглэлүүд маань ерөөсөө бие биенээсээ урган гарсан зүйл юм байна. Алхаад эхэлж байсан чинь гүймээр санагдаад, гүйгээд эхэлж байсан чинь тэмцээн уралдаанд ормоор санагдана. Гүйлтэндээ дур сонирхолтой болоод ирэхээр биеийн ерөнхий хөгжил буюу биеэ хөгжүүлэх шаардлагатай болдог. 42 км ч юм уу тэрнээс дээш холын км гүйх гэхээр биеийн ерөнхий хөгжил их хэрэгтэй байдаг учраас суниалтаар хичээллээд явж байгаа.

Уг нь та чинь компьютер электроникийн мэргэжилтэй хүн юм байна лээ шүү дээ.

Тийм ээ би уг нь электроникийн инженер мэргэжилтэй хүн л дээ. Энэ сайхан мэргэжлээрээ одоо ч ажиллаж байгаа. 70-аад оны үед төрж 90-н оны сүүлээр мэргэжилтэн болж хөдөлмөрийн гараа маань 2000 оноос эхэлсэн гэсэн үг. Миний хувьд хүн өөрийнхөө ажлын байрыг өөрөө бий болгоод гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж улс орондоо хүчээ өгөх ёстой гэж үзсээр ирсэн. Түүнээс биш нэг төрийн байгууллага руу ороод тэндээсээ бас нэг хумсалдаг хүн байвал онцгүй шүү дээ. Энэ нь залуу хүний хүний хувьд өөрөө хөдөлмөрлөөд өөрийнхөө талхыг олж идэх ёстой гэдэг зарчим юм л даа. Тиймээс болж өгвөл нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх ёстой гэж үзэн хувиараа бизнес эрхлэхээр шийдсэн юм. Элетроник, принтер хувилах машин засварын чиглэлээр дагнан 20 жил ажиллаж байна.

Хэрхэн ууланд алхаж эхэлсэн талаараа сонирхуулахгүй юу? Уншигчдад маань сонин байж магадгүй

Миний ажил чинь компьютерийн ард сууна. Суугаа ажиллана. Хөдөлгөөн дутагдана. Хөдөлгөөнтэй гүйж харайж тоглож өссөн хөдөөний хүнд чинь хотын нэг хашигдмал байранд суухаар чинь нэг л тийм цаанаа онцгүй байдаг. Тэгээд гэр бүлээрээ найз нөхөдтэйгөө хааяа нэг явах гэхээр хаачихаа мэдэхгүй хүмүүс болчихсон байсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө бол ганц зайсан толгой л байлаа шүү дээ. Зайсан толгой чинь тухайн үед хөдөө байлаа. Автобусаар очиж буугаад алхаад л дээшээ гардаг. Тэгээд зайсан толгой руугаа гараад хэвшиж байтал удалгүй тэр хавь хот болоод л наана нь байшин хашаа бариад очих боломжгүй болж дахиад л хаачих уу гэж бодсон чинь хүмүүс цаад уул руу нь алхдаг боллоо. Алхаад манай Богд уулын баруун оргилын доохон талд дугуй цагаан гээд нэг сайхан тэгш хавтгай газар руу хүрдэг. Тэрэн дээр гараад ирэхээр нэг их гоё мэдрэмж төрнө. Би эхэндээ хагас бүтэнсайн болгонд ганцаараа алхдаг байж байгаад эхнэр үр хүүхдүүд найз нөхдийнхөө цомхон хүрээнд явж эхэллээ. Ингээд алхаж байтал манай эхнэрийн танил хэсэг найзууд нь тогтмол ууланд алхдаг болж тэдэнтэй нэг өдөр таараад хамт алхаж эхэлсэн. Харин бид анх 2015.01.11-нд зохион байгуулалтанд орж фэйсбүүкийн “Хамтдаа алхацгаая” гэдэг группыг албан ёсоор нээгээд зарлал мэдээгээ тавьж идэвхитэй алхдаг болсон байна. Энэ өдөр бол манай клубын байгуулагдсан албан ёсны өдөр юм. Одоо манай клуб хүрээгээ тэлээд давхардсан тоогоор 7000 гаруй хүнтэй болжээ. Дам сурталчилгаагаар бие биеэ уриалан дууддаг гэсэн үг. Яг албан ёсоор манай клубд 70 орчим хүн тогтмол алхдаг. Гишүүн нь болоод татвараа төлөөд явдаг.

Ингэж хөдөлгөөнтэй амьдрахын ашиг тус нь юу вэ?

Манай клубын уриалга бол нэгдүгээрт хамтдаа алхацгаая. Дараа нь хамтдаа эрүүлжицгээе гэсэн зорилготой. Хамтдаа нэгдэж алхахын ашиг тус нь шууд эрүүлжчих биш юм л даа. Харин алхаж байх явцад эрүүл мэнд нь шагнал болж ирж байгаа юм. Тамхи татдаг байсан хүмүүс тууштай алхаад өндөр уулын орой дээр гараад ирэхээрээ би энэ муу тамхийг хаячихъя. Миний алхаж ирж байгаатай харьцуулахад юу ч биш юм байна гээд тамхинаас гарч байх жишээтэй. Тав дахь өдрийн орой алжаалаа тайлж жоохон ус ундаа хүртчихдэг байсан залуус маань хагассайны өглөө 7 цагт эрт алхахын тулд биеэ бэлтгэж урд оройноо сайхан амарч байна. Ийм сайхан эерэг үр дагавар авчирдаг. Бас бидний дараагийн зорилго бол хамтдаа хөгжицгөөе гэж байгаа юм. Бид чинь нийгмийн амьтан шүү дээ. Миний хувьд гэхэд олон нийтийн томоохон байгууллагад ажилладаггүй эхнэрийн хамт хоёулаа ажилладаг учраас надад нэг нийгмийн хэрэгцээ гэж гарч таарна. Клубээрээ нэг зорилгын дор нэгдэж 7 хоног болгоны нэг өдөр хоолоо хувааж идэх чинь хамт олон шиг дотно санагддаг. Ингээд ярихаар та нар битгий нэг их хоол идэх тухай бодоорой. Түүнээс илүү сайхан нийгмийн харилцаа үүсдэг гэсэн үг шүү дээ. Тав дахь, хагассайн өдрийг тэсэн ядан хүлээгээд л тав дахийн орой за маргааш юу бэлдэж явах уу? юу хийж очих уу? гэж догдолдог болсон байна. Яг үнэндээ бол ах дүү хамаатан садангууд жилдээ нэг удаа цагаан сарын баяраараа л уулздаг бол бид 7 хоног уулзаж байна гэдэг чинь гайхамшиг байхгүй юу. Ойрхон ойрхон уулзаад байгаа хүмүүст ярих юм ямар их олддог гэж санана. Тэгэхээр бидний бие сэтгэл ойр байна аа гэсэн үг. Манайхны нэг хэлэх дуртай гоё үг байдаг. “Ураг төрлөөрөө биш ч уул усаараа нэгдсэн гэр бүлийнхэн шүү бид” гээд энэ нь өөрөө бас томоохон гэр бүл, хамт олныг цогцлоож чадаж байна аа гэсэн утгатай.

Та ингэж ууланд алхахынхаа хажуугаар ямар нэгэн спортоор хичээллэж байна уу?

3 жилийн өмнө 2017 онд манай эхнэрт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Нью-Иоркийн Марафонд Guide хэлбэрээр хөтөлж гүйх боломж бүрдсэн юм. Ингээд явахаасаа өмнө бэлтгэл хийх хэрэгтэй боллоо. Нэгдүгээрт манай эхнэр өөрөө гүйх ёстой. Хоёрдугаарт өөрөө гүйхээс гадна нөгөө хүндээ хөтөч буюу guide хийх ёстой. Тэгэхээр жирийн гүйгч бол ганцаараа гүйгээд л санаа амар болчихно. Хөтөч гүйгч гэдэг бол тэрнээс илүү хүнд байдаг байхгүй юу. Одоо ам нь цангаж байна уу? Одоо яаж байна? Хөлийг нь барьж массаж хийхээс эхлээд тэр том марафоны асар их давалгаа орж ирэхээр чинь хамгаална, нөгөө хүнийг чинь дайраад унагаачихаж ч магадгүй тийм хүнд гүйлт. Тэгэхээр нь эхнэр маань ийм том тэмцээнд хүн хөтөлж гүйх гээд бэлтгэл хийж байхад би бас зүгээр сууж болохгүй учраас хамтдаа гүйлтийн бэлтгэл хийх болсон юм. Тэр үеэс л анх удаа тийм системтэй бэлтгэл хийж гүйж үзсэн. Тэр цагаас хойш гүйлтийн олон тэмцээн уралдаанд орлоо. Өөрийнхөө хэмжээнд бэлтгэл сургуулилтаа хийчихээд гүйгээд эхлэхээр энэ хүрээнийхэнтэйгээ ичнээ танил болоод бас л нэг хамт олон шиг эерэг дулаан уур амьсгалтай сайхан байдаг.

Ер нь таны бодлоор эрүүл хөдөлгөөнтэй амьдрал гэдэгт ямар спорт, хөдөлгөөний төрөл зүйлийг багтааж ойлгох вэ?

Би тэрийг шууд оноож хэлж мэдэхгүй. Спортын олон төрөл зүйл байна. Тэдэн дундаас харин гүйлт, уулын алхалт хоёрыг онцолмоор байна. Гүйлтийг онцолж ярихад энэ их стресстэй нийгмийн үед хүн өөртөө 30 минут зарцуулаад гүйж байгаа цаг хугацаа өөрөө бясалгал болчихдог. Гүйж байх явцдаа дандаа сайхан юм бодоход индрофин гээд аз жаргалын гормон ялгарна. Тэгээд л дөрвөн ханан дотор чийгтэй байшинд ажиллаад байвал хүний амьдрал хэцүү шүү дээ баян юм чинь зарим үед гуниж гутрах гомдох үедээ гадаа гараад л байгаль эрүүл агаарт гүйхээр чинь тэр бүхэн мартагдаад өөрийн эрхгүй баяр баясгалантай болдог. Мэдээж хэмжээ дамжааг нь хэтрүүлбэл ядарна. Бас гүйх гэж байгаа хүмүүст зөвлөхөд битгий өдөр болгон гүйгээрэй хэлмээр санагддаг. Хэмжээ их чухал. Долоо хоногтоо эхлээд 1-2 удаа гүйж болж байна. Завгүй бол хагас бүтэнсайнд гүй. Тэгээд л хангалттай шүү дээ. Урт удаан хугацаанд давтагдсан юм чинь эерэг өөрчлөлтүүдийг маш багаар авчирдгаас биш сарын дотор гүйгээд турчихна ч гэдэг юм уу. Тийм зүйл байхгүй. Гүйснээрээ ч нэг их учиргүй турдаг юм бас биш байх. Хэрэв идэвхитэй зөв гүйж чадах л юм бол цусны эргэлт, бодисын солилцоо, зүрх судасны систем гээд сайжрах зөндөө юм байна аа.

Орчин тойрны хүрээлэлд байгаа хүмүүс таны амьдралын энэ хэв маягийг хэрхэн хүлээж авч байна?

Одоо надтай ууланд алхдаг болчихсон зөндөө олон найзууд байна. Ингээд бодохоор би энэ гүйлт, алхалт гээд аягүй сайхан юмыг мэдэрчихээд чимээгүй байвал өөдгүй хүн болж таарна тийм биз. Тэрэн шиг энэ сайхан дадал зуршлаа аль болох олон хүнд хүргээд бусад хүмүүс маань надаас үлгэр жишээ аваад явбал сайхан шүү дээ. Найзаа чамайг дэмжиж байгаа шүү. Найз нь зав гарахаар чамтай цуг алхъя гэж бодож байгаа. Чи нэг гүйхдээ найзыгаа дуудчихаарай. Цуг гүйх юмсан гээд эргэн тойрны найз нөхөд маань миний санаачилгыг их сайхан хүлээж авдаг. Цаашлаад ууланд алхдаг хүмүүсийн тоо ямар их болж байна. Гүйлтээр хичээллэдэг хүмүүсийн тоо ямар их болж байна аа. Мөн дээр би хэлсэн дээ. Сүүлийн 1 жил суниалтаар хичээллэлээ. Тэгэхэд одоо найзууд маань фэйсбүүк, сошиал медиагаар намайг хараад аль хэдийнэ суниагаад эхэлчихсэн байдаг. Дараа нь бодоход би тэр найзуудаараа  бахархдаг. Миний бас өчүүхэн ч гэсэн эерэг хандлага маань нөлөөлсөн байна шүү дээ.

Энэ сайхан эерэг хандлагаараа юу хэлэхийг хүсч байгаа вэ?

Хүн гэдэг хувь заяаг олох ямар их хувь заяа билээ тийм ээ. Хүн болж төрчихөөд хамгийн гол нь аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү дээ. Өдөр болгон баяртай баясгалантай аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй.Бид хоёр идэхгүй. Хоёр амьдрахгүй шүү дээ. Харин бид нар өдрийн талхаа олоод идчихлээ. Дулаахан байранд амьдарчихлаа. Тэгээд болж өгвөл мөнгөний төлөө хэрүүл хийгээд байхгүй. Аз жаргалтай үр хүүхдүүдээ зөв өсгөөд амьдарвал болох юм биш үү дээ л гэдэг байдлаар нийгмийг эерэг хандлагаар уриалахыг зорьж байна. Өдөр болгон сайн хүмүүстэй уулзаж сайхан зүйлийг бодож аз жаргалтай баяр баясгалантай амьдарвал яасан юм бэ. Энэ нийгэм мөнгө олохын төлөө олъё гэж хичээгээд ч олохгүй. Маш их хичээх юм бол магадгүй нэг зүйлийг олох гэж нөгөө нэг зүйлээ золиослоод байна  уу даа гэж харагдаад байгаа юм. Тэгэхээр өдөр бүр хийж байгаа ажлаасаа жаргалтай урам зориг авч байх хэрэгтэй.

Ер нь таны харж байгаагаар энэ чиглэлд нийгмийн хандлага өөрчлөгдөж байна уу? 

Тийм. Бид нар дэлхий ертөнцтэй харьцаж байна шүү дээ. Дэлхий ертөнцийн чиг хандлага ямар байна. Бид нар хүссэн хүсээгүй дагаад л явж байгаа. Одоо дэлхий нийтээрээ бүх зүйлийг нэг кноп дараад хийдэг болчихсон болохоор хүмүүст их хөдөлгөөн хэрэгтэй боллоо. Яалт ч үгүй эрүүл мэнд чухал. Нийгэмтэйгээ зохицон амьдарч оюун ухаан, уураг тархиа хөгжүүлэхийн тулд бие бялдраа эрүүл чийрэг сайн байлгах ёстой болж таарна. Компьютерээр жишээ авч ярихад хардвер, софтвер гээд 2 том хүчин зүйл байна. Хүний оюун ухаан нь софтвэр юм бол биеийн хүч тэнхээ чинь хардвер биз дээ. CPU муутай компьютерт хичнээн гоё оюун ухаан ачааллаад ажиллахгүй. Тэгэхээр хардвер сайтай. Боард, CPU бүх юм нь сайн байж бие нь эрүүл саруул, хөнгөн шингэн хөдөлмөрийн бүтээмж өндөр байна гэдгээ хүмүүс бид ойлгож эхлээд байна. Одоо ямар олуулаа гүйдэг болов. Ямар олуулаа ууланд алхдаг болов. Төр засаг үнэхээр энийг нь дэмжээд өгдөг бол харьцангуй боломж байна шүү дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг барьснаас хойш ямар их хүмүүс гүйдэг болов. Үүнтэй адил Богд уулын өөд алхах жимүүдийг засаад хүмүүсийг зөв зүйтэй зүйл рүү уриалсанд төр засгийн хувь нэмэр их бий шүү. Бид нар шиг ууланд алхагчдын гардаг нилээд олон зам жимүүдийг сандал суудалтай тухтай болгоод та нар эндээ машинаа тавиарай гээд маш сайхан зогсоолуудыг ч хажууд нь барьж өглөө. Аливаа юмны сайн муу талыг зэрэг л хардаг байх хэрэгтэй. Мууг нь түрүүлж харчихаад сайныг нь ярихгүй байгаа бол харин онцгүй шүү дээ. Бас сайныгаа бид нар хараад хэлдэг байвал нөгөө хүмүүст ч гэсэн урам юм даа. Одоо Чингэлтэй дүүрэгт маш гоё гүйлтийн зам нээж байна. Манай 15-ын хөл бөмбөгийн талбайг бас засаад дууслаа. Дүүрэг болгоны тодорхой газруудад ийм спортын талбай барина гэдэг магадгүй эмнэлэг барихаас ч илүү буянтай ажил болж магадгүй. Өвдсөн хойно нь чи ингэж хагалуул огтлуул гэхээс өмнө та нар спортоор хичээллээч ээ гэж байгаа нь сайшаалтай байх. Мэдээж эмнэлэг барилгүй яах вэ. Барих ч ёстой.  Үүнийхээ хажуугаар спорт, нийтийн биеийн тамирт мөнгө санхүү зарж байгаад энэ нийгмийн хандлага өөрчлөгдөж эхэлж байна уу даа л гэж харагдахаар сайхан байна.

Танай хамтдаа алхацгаая гээд клубт нэгдэх сонирхолтой бол хэрхэн хандах вэ? Сонирхож буй хүн бүр нэгдэх боломжтой юу?

Манай үүд хаалга үргэлж нээлттэй. Бид нар хүнийг ерөөсөө ялгадаггүй. Бидний соёл үнэт зүйлсийг ойлгоод хүндэтгэж байгаа хүмүүсийг бидэнтэй нэгдээч ээ гэж уримаар байна. Фэйсбүүк дээр хамтдаа алхацгаая гэж бичээд хайхаар манай групп гараад ирнэ. Тэгээд л та шууд нэгдэх боломжтой. Ер нь нэгдсэнээрээ та яах юм бэ гэхээр хэзээ, хаанаас, хаашаа явах мэдээллүүдээ авах боломжтой. Ер нь бол бид маршрутаа тодорхой болгоод бямба гарагийн өглөө хас банкны урд тал, соёлын төв өргөөний билетийн кассны арын зогсоолд цугладаг юм. Өвөл бол жоохон аажуухан 8 гээд хөдөлнө. Зун бол 7 гээд нэгдсэн журмаар алхах газар руугаа хөдөлдөг. Манай группт орсныхоо дараа зарлалаа харж байгаад хүрээд ирнэ. Тэгээд бид нартай явж болж байвал цаашаа үргэлжлүүлээд явахад бүх зүйл нээлттэй. Харин гүйхээр зорьж байгаа хүмүүс фэйсбүүкийнхээ хайлтын хэсэгт Let’s run Mongolia гээд бичиж ороод манай группт нэгдэх боломжтой. Групптээ мэдээлэл солилцоод мөн зарлалаа харж байгаад хүрээд ирж болно. Бид нар 7 хоногт 1 бүтэн сайн өдөр нэгдсэн гүйлтээ зохион байгуулдаг. Гүйлт бол их сайхан шүү дээ. Бид нар ажлын өдрүүдэд өөр өөрийнхөө эргэн тойронд хаана л алхаж болж байна тэндээ гүйдэг. Заавал нэг гүйлтийн тусгай гоё зам дээр гүйх албагүй. Цаашлаад мундаг гүйгээд ирэхээрээ Улаанбаатар марафон гэх мэт тэмцээн уралдаанд ордог болно. Орохдоо клубээсээ хөнгөлөлттэй гэдэг ч юм уу сайхан боломжууд бий. Нэг сайхан юм нь бөөнөөрөө гүйх шүү дээ. 21, 42 км гээд уртын гүйлтүүд байна. Тэмцээнийхээ ойрхон зайд гүйсэн нөхдүүд нь ус ундаа, банана бариад зогсож байх жишээтэй. Холын гүйгчиддээ тэгж урам зориг өгнө. Нэг сайхан үг байдаг шүү дээ. Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яв гэж. Энийг бол би утгаар нь мэдэрчихээд л байгаа байгаа хүн дээ. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Сайн яривал бүгдээрээ л ах дүү. Тулаад ярихад заавал нэг найзын найз, хамаатан садан хамт ажилладаг хүн цуг сургуульд сурсан хүн байдаг. Тэрэн шиг хэн ч ирсэн бид хуучин танил найз шигээ л сайхан хүлээж авах болно. Бидэнтэй нэгдээрэй.

Б.Базар

Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.