Ууланд алхацгаая

Ууланд алхацгаая

Иргэд маань идэвхитэй хөдөлгөөн эрүүл агаарыг эрэлхийлж ганцаарчлан мөн баг хамт олон албан байгууллагаараа зохион байгуулалтад орж нийслэлийн 4 талд орших хайрханууд руугаа алхсаар байна…

Ашиг тус

Ууланд алхах нь хүний биеийн эрүүл мэндэд тустайгаар барахгүй элдэв янзын өвчнөөс урьдчилан сэргийлж хүний биеийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхээс эхлээд маш олон ашиг тустай. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ дагуулж алхах нь тэднийг байгаль дэлхийтэй ойр байлгах шинэ орчин тойрныг таниулах гэх мэт ойр дотно харилцааг нэмэгдүүлэх давуу талыг бий болгодог. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд ууланд алхах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж байгаа нь тун сайшаалтай юм.

Хаашаа алхаж болох вэ?

Хэрэв та нийслэл хотод амьдардаг бол ууланд алхацгаая гэдэг үгийг сонсоод шууд л Богд уул санаанд чинь бууж байх ёстой. Нийслэлийн маань дийлэнх иргэд дээш орой руу нь тэмүүлж алхдаг болсоор сүүлийн 5 жил уул маань нилээдгүй хөл хөдөлгөөнд дарагдаж бас ч үгүй чамгүй тохижоод авчээ. Мөн та хотын хойд хэсэгт байрлах Чингэлтэй хайрхан руу алхах боломжтой. Нийслэл хотын удирдлагын зүгээс өнгөрсөн оны хавар алхах жимийг тохижуулж тусгайлан зам гаргаж зүг чигийн хөдөлгөөнийг заасан самбар байршуулсан тул гэр бүл хамт олноороо алхахад тохиромжтой. Баянзүрх хайрхан руу туршлагатай алхагчид нэгдэн алхвал илүү сонирхолтой. Тусгайлан олны хөлөөс зайдуу чимээгүй орчин алхалт зохион байгуулахаар бол тэр бүр хүмүүсийн олноор зорьж очдоггүй газрыг сонгох нь дээр болов уу.

Яаж хувцаслах нь зохимжтой вэ?

Хэрэв та анх удаагаа ууланд алхах гэж байгаа бол аль болох салхи бага нэвтэрдэг энгийн биеийн тамирын хослол өмсөж хальтардаггүй спорт гутал өмсөх нь зохимжтой. Мөн хөлсний алчуур, малгай зэргийг заавал бэлтгэн авч явах нь зүйтэй. Учир нь та өглөө эртлэн уул руу алхаж байгаа бол оройд нь гарсны дараа таны биеэс хөлс ихээр гадагшилж зуны улиралд их халуун байдаг тул тухайн байдалд хэрэгтэй зүйлсийг эртлэн бэлдэх хэрэгтэй.

Танд эхний удаа ууланд алхах нь таалагдсан бол дараа дараагийн удаа тасралтгүй буюу 7 хоногтоо нэг удаа уул руу алхах цаг завыг тохируулаарай. Энэ алхалт нь оффисын буюу суудлын ажилтай хүмүүст тохиромжтой алхалт юм. Ингэж алхахаар зориг шулуудвал та сонирхогч болж өөрийн хувцас хэрэглэлийг нэг түвшингээр дээшлүүлэх хэрэгтэй. Ууланд алхахад зориулагдсан нийлэг материалтай өмдийг хамгийн түрүүнд сонгоорой. Мөн заавал үүргэвч үүрч алхаж хэвших хэрэгтэй. Учир нь тогтмол алхах хугацаанд нурууг хойш татаж биеийг тэнцвэржүүлэхэд цүнх чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүний дараа хамгийн чухал зүйл нь зориулалтын хоёр гарын таяг юм. Таягийг сонгохдоо даралтыг өөртөө шингээх пүрштэй байвал хэрэглэхэд эвтэйхэн байдаг. Бас нэг мартаж болохгүй чухал зүйл бол өдрийн хоолоо бэлтгэн авч явах юм. Уулын оройд маш их ядарч гардаг тул тэр энергийг нөхөхийн тулд дээр гарч амарч байх хугацаандаа хөнгөн хооллож сураарай.

Санал болгох маршрут

Ууланд алхагчдын хамгийн их зорчдог хэсэг буюу анхлана алхагчид хамгийн тохиромжтой газар нь Богдхан уул: Дугуй цагаан >> Баруун ширээтийн аялал юм. Зайсан толгойн зүүн талаас засмалаараа өгсөөд Ханбогд амралтын газрын төв хаалгаар орсноор таны алхалтын маршрут эхэлнэ. Дээш 2,7 км алхаж дугуй цагаанд хүрэх бөгөөд амарч тухлан амьсгаагаа дарахад тохиромжтой тэгш талбайтай газар таныг угтах болно. Дугуй цагаан хүртэл 1 км тутамд амралтын суух сандалтай хэсгүүд байрлах тул та дээш гарахдаа өөрийн биеийн нөхлөөс шалтгаалж амарч байгаад гарах нь зүйтэй юм. Зорьсон газраа 2,7 км алхаж хүрсний дараа Дугуй цагааны баруун хойд хэсгээс хойд зүгт гарсан бүдэг замыг даган 1,1 км алхвал Баруун ширээт хадан хэсэгт хүрнэ. Анир чимээгүй дүнхийх огцом хад таныг угтах бөгөөд дээр нь гарвал бүхий л хэсгийг харж болох гоё харагдацтай. Ирсэн замаараа буцаж алхан Ханбогд амралтанд хүрснээр та нийт 7,2 км орчим замыг туулж өөрийн хэмжээнд багагүй амжилт тогтоосон байх болно. Энэ маршрут нь энгийн сонирхогчид алхах хамгийн таатай орчин зам бүхий чиглэл юм. Танд санал болгох дараагийн чиглэлүүд

Манзушир – Цэцээ гүн

Төр хурх – Цэцээ гүн

Ууланд алхах нь хэн бүхэнд хэрэгтэй хамгийн энгийн, зардал багатай, маш их ашиг тустай хөдөлгөөн юм. Тиймээс та ойр тойрныхоо хүн бүрийг идэвхитэй хөдөлгөөнд уриалан эрүүл амьдралыг хэвшлийг сонгож цаг зав боломж л олдвол ууланд алхаж байгаарай.

Б.Базар

Author Image
admina

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.